Хайрт Ээждээ илгээх үгс

Миний ээж мөнгөн сарнайн дэлбээ
Миний ээж мөнх тэнгэрийн хатан

Бүүвэйн дууныхаа зөөлөн аялгуунд
Бүтэн нойртой хонож үзээгүй
Бүлээн сүүгээ амлуулж өсгөсөн
Бууралхан ээждээ би хайртай

Намрын уулнаа бугын урамдахыг сонсоорой
Намайг ухаажихыг үзэх гэж ээж минь та урт наслаарай
Манцуйдаа ирж таныг би ганцхан удаа жаргаасан
Магадгүй тэрнээс хойш дандаа зовоосон

Шүхэр тэнгэрийн доор алдаж эндэх тоолонд минь
Шүүхийн тогтоол уншдаг яллагч нь та мөртлөө
Даамай их хайр тань аанай л хэвээрээ
Давж заалдсан өмгөөлөгч болж зовлонгоос намайг суллана
Жигжид бурханыг олон мутартай гэлцэнэ
Жижигхэн энэ бие тань түүнээс ч илүү гартай
Элбэг их хайр, Ээжий гэдэг нэр тань
Энэ орчлонгоос авсан хамгийн том алдар аа

Зүүний сүвэгчээр багтах он жилүүдийн урсгалд Зүгээр л дэргэд минь байж хайрла Ижий гэж дуудах болгондоо баярладаг Ижил хэдэн үрстээ урт насалж хайрла

Элсэн говийн ширхэг тоогоор
Ээждээ би дэндүү хайртай
Эвэлсэн сүүг нь залгилсан болохоор
Ээж минь та бурханаас илүү
Халуун хэвлийнд тань амилсан юм чинь
Хайрлахгүй байхын аргагүй юм
Хайрын бүүвэйгээр өсгөсөн болохоор
Хаанаас ч байсан ээждээ л очино

Би таны он цагийн үргэлжлэл…
Би таны бидний төлөө орхисон биелээгүй хүслийн үргэлжлэл…
Би таны хүүхэд насны үргэлжлэл…
Би таны хүсээд хүрч амжаагүй хүслийн бодит үргэлжлэл…
Би таны хатаагүй нулимсны үргэлжлэл…
Би таны инээж дуусаагүй жаргалын үргэлжлэл…
Би ээжийнхээ он цагийн үргэлжлэл

Өглөө босоход цай бэлэн
Өдөр ирэхэд хоол бэлэн
Ажил хийгээд ядардаг байхдаа
Эхийн сэтгэл зовдог байхдаа
Эзгүй гэрт цоожлоод явахдаа
Энхрий үрээ боддог байхдаа
Өдийг хүртэл уургаар дутаалгүй
Өсгөхдөөн хүртэл хайралсан байхдаа

Бурхан гэж байдаг бол ээжийгээ л гэж хэлнэ
Буянтан гэж байдаг бол ижийгээ л гэж хэлнэ
Ачтан гэж байдаг бол ээжийгээ л гэж хэлнэ
Аз жаргал гэж байдаг бол ээжийгээ л гэж хэлнэ

Үртэй хүн жаргадаг гэдгээр
Үргэлж та минь инээмсэглэж яваарай

Similar Posts

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн